Жин хэмжүүрийн олон улсын товчоо болон Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллагын захирлуудын мэндчилгээ
Жил бүрийн Дэлхийн хэмжил зүйн өдөр нь хэмжлийн нийгэмд гүйцэтгэх чухал үүргийг эргэцүүлэх, мөн дэлхий даяарх хэмжил найдвартай байх, харьцуулагдах, итгэлцлийг бий болгох боломж бүрдүүлсэн хамтын ажиллагааг тэмдэглэх боломжийг олгодог.
Метрийн хэлэлцээр байгуулсан түүхэн өдрийг тэмдэглэсэн 150 жилийн ойн дараах Дэлхийн хэмжил зүйн өдөр-2026 нь биднийг ирээдүйг харахыг уриалж байна. Энэ жил “Хэмжил зүй: Бодлого тодорхойлоход итгэлцлийг бий болгох нь” уриан дор хэмжил зүй нь шинжлэх ухаан, засгийн газар, олон нийтийн хооронд итгэлцэл бий болгож байгааг мөн шийдвэр гаргахад баталгаа өгдөг чимээгүй үйл ажиллагаа болохыг тодотгож байна.
Хэмжил нь бодлого тодорхойлоход итгэлцлийг бий болгоно.
Найдвартай хэмжил нь бодлого боловсруулагчдад нарийн төвөгтэй асуудал, сорилтыг шийдвэрлэх нотолгоог бүрдүүлдэг бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний тогтолцоог зохицуулах, байгаль орчныг хянах, зах зээлийн өдөр тутмын худалдааг дэмжих өргөн хүрээг хамардаг. Өгөгдөл үнэн зөв, харьцуулахуйц, нэгж дамжуулалтыг хангасан нөхцөлд шийдвэрийг илүү тодорхой, итгэлтэй гаргаж чадна.
Хэмжил нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээс гадна тодорхой, тогтоосон хууль эрх зүйн хүрээнд ашиглагдаж байгаа тохиолдолд итгэлцэл улам бүр бэхэжнэ. Шинжлэх ухааны хэмжил зүй нь улс орнуудын хооронд хэмжлийн үнэн зөв, харьцуулагдах байдлыг хангадаг бол хууль эрхийн хэмжил зүй нь хэмжлийг практикт тохиромжтой, шударгаар хэрэглэх нөхцлийг бүрдүүлдэг. Эдгээр үйл ажиллагаа нь бодлогын зорилгыг олон нийтийн эрх ашигт нийцсэн бодит хэрэгжилт болгон хүргэхэд тусалдаг.
Хэмжлээс бодлогод
Бодлогын хэрэгжилт дэх хэмжил зүйн үр нөлөөг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбараас тодорхой харж болно. COVID-19 цар тахлын үед дэлхий даяар хэмжил зүйн лабораториуд сорилт, туршилт, хамгаалах хэрэгсэл болон вакцин хөгжүүлэхэд найдвартай хэмжлээр хангаж ажилласан. Харьцуулах боломжтой, нэгж дамжуулалтыг хангасан өгөгдөл нь эрүүл мэндийн байгууллагуудад эрсдлийг тооцох, гүйцэтгэлийг үнэлэх, эгзэгтэй мөчид нотолгоонд үндэслэн арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн урт хугацааны байгаль орчны хяналт-шинжилгээ нь найдвартай хэмжилд тулгуурладаг. Агаар мандал дахь хий, усны чанар болон бохирдуулагчийн олон улсад харьцуулах боломжтой хэмжил нь эрх бүхий байгууллагуудад тодорхой хугацааны өөрчлөлт, чиг хандлагыг хянах, эрүүл мэнд болон байгалийн нөөцийг хамгаалах бодлого боловсруулахад ашиглах өгөгдлийг бүрдүүлдэг. Эдгээр хэмжлийг хэрхэн гүйцэтгэж, харьцуулж байгаад итгэлцэл байхгүй үед шийдвэрүүд үндэслэлгүй болно.
Хэмжил зүй нь чанарын баталгаа болон зах зээлийн шударга үйл ажиллагааны үндсийг бүрдүүлдэг. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах салбарт, бохирдуулагч бодис, үлдэгдэл болон шим тэжээлийн агууламжийг хэмжихэд хэмжил зүйн хөтөлбөрүүд улс орнуудын чадавхыг бэхжүүлснээр, эрх бүхий байгууллага болон үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлага хангаж байгааг нотлоход тусалдаг.
Үүний зэрэгцээ хууль эрхийн хэмжил зүйн тогтолцоо нь худалдаа, үйлчилгээний салбарт ашиглагдаж буй шатахуун түгээгүүр, усны тоолуур, цахилгааны тоолуур зэрэг хэмжих хэрэгслийг зориулалтын дагуу шаардлагад нийцэн ажиллах нөхцлийг хангадаг. Хэмжих хэрэгсэл нь хуулийн хяналт шалгалтад хамрагдсан тохиолдолд үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хооронд төдийгүй төрийн байгууллагууд, төрийн үйлчилгээг хүргэж байгаа олон нийтийн хоорондын итгэлцэл бэхэжнэ.
Хамтын ажиллагаанд тулгуурласан итгэлцэл
Эцсийн дүнд, хэмжил зүй нь бодлого тодорхойлох нотолгооны суурь мөн нийгмийг хамгаалах болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг дэмжих тогтолцооны суурь болно. Найдвартай, тохирсон хэмжил ашиглаж байгаа үед зөвхөн өгөгдлөөр хязгаарлагдахгүй, өгөгдөлд тулгуурласан институт, хэлэлцээр, шийдвэрт итгэлцэл бий болно. Энэ жилийн Дэлхийн хэмжил зүйн өдрөөр бид дэлхий нийтийн хэмжил зүйн байгууллагуудыг, найдвартай хэмжлийн шийдвэр гаргахад гүйцэтгэх үүргийг эрэгцүүлж, хамтын ажиллагаа, хамтын хичээл зүтгэлээр энэхүү итгэлцлийг бий болгож буйг үнэлж, тэмдэглэхийг урьж байна.
0 Comments