ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР

2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 23

ДЦУБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Селеста Саулогийн Илгээлт

Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн Цаг Уурын Байгууллагын (ДЦУБ) Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар сонгогдоод тэмдэглэж буй анхны дэлхийн цаг уурын өдөр гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Миний хувьд өмнөх жилүүдэд Аргентин улсын Цаг уурын албанд ажиллаж байхдаа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн. Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр цаг уурчид өөрсдийн талаар олон нийтэд илүү их мэдээ мэдээлэл түгээх, тухайлбал бид хэн бэ, бид юу хийдэг вэ, яагаад бид үүнийг хийдэг вэ гэдгийг бусдад хүргэх хамгийн том завшаан болдог.

Үндэсний Ус цаг уурын албад, ДЦУБ-ын гишүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн ДЦУБ-ын ажилтнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэрэгсэл, мэдлэг, мэдээллээр хангадаг.

Тиймээс энэ жилийн Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа нь дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүмүүст харилцан адилгүй өөр өөр байдаг.

Гэхдээ хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах нь зайлшгүй чухал бөгөөд цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхам гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Бид хүчээ нэг зүгт хандуулах ёстой.

Манай ус, цаг уурчид цаг агаар, ус, хүрээлэн буй орчны мэдээ, мэдээллийг цуглуулах, түгээх мөн дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэдэг. Энэ бүх мэдээ, мэдээлэл нь өнөө үед уур амьсгал ямар байна, хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаарх хамгийн анхны суурь ойлголтыг өгдөг.

Бид хэмжиж чаддаггүй зүйлсийг удирдах боломжгүй учраас ДЦУБ энэ орон зайг нөхөн оршдог юм. Манай байгууллага мэдээ, мэдээлэл, сайн туршлагаа солилцох тал дээр 150 гаруй жилийн арвин их түүхтэй. Энэ бол бидний давуу тал юм.

Бид энэхүү давуу талаа улам хүчирхэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг дэмжих мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна. Иймээс ДЦУБ-аас Дэлхийн Хүлэмжийн Хийн Ажиглалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Бидэнд шийдвэр гаргах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжихийн тулд илүү олон хэмжилтийн мэдээ шаардлагатай.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь дангаараа тийм ч хангалттай биш юм. Харин бид уур амьсгалын өөрчлөлтөд заавал дасан зохицох ёстой. Маш олон хүний хувьд энэ нь үхэл, амьдралын асуудал болж байдаг.

Дэлхийн ус цаг уурын албад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах гол тулгуур баганын нэг болох эрт сэрэмжлүүлэх системээ нэн тэргүүнд сайжруулах үйл ажиллагаанд оролцож байна.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олон улс орон ард иргэдээ аюулаас хамгаалах эрт сэрэмжлүүлгийн мэдээллээр хангаж чадахгүй байна. Иймд бид дэлхийн хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг учраас “Эрт Сэрэмжлүүлгийг Хүн Бүрд” санаачилгыг эхлүүлсэн юм. Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр 2027 оны сүүлч гэхэд цаг агаар, уур амьсгалын эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй авч, амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй байна. 

Цаг агаар, уур амьсгал бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Жишээлбэл: сэргээгдэх эрчим хүчний систем, тэр дундаа нар, салхины эрчим хүч, усан цахилгаан станц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, загасчлал, тээвэр, эрүүл мэнд зэрэг салбарууд үүнд багтана. Цаг агаар, уур амьсгалын мэдээлэл нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх чухал үүрэгтэй. Бид уур амьсгалын шинжлэх ухааныг уур амьсгалын үйлчилгээ болгохын тулд маш их зүйлсийг хийх шаардлагатай байна. Мөн эдгээр үйлчилгээнүүдийг улам хүртээмжтэй болгож, илүү үр ашигтайгаар ашиглах нь зүйтэй юм.

Дэлхийн цаг уурын өдрөөр Үндэсний ус, цаг уурын албад анхаарлын төвд байдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой байх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход Ус цаг уурын албад голлох үүрэг гүйцэтгэдэг.

Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд түвшний бодлого боловсруулахад шинжлэх ухаанч мэдлэг, мэргэжлийн туршлага, ур чадвараа шингээж өгөх ёстой. ДЦУБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд энэхүү өндөр үр нөлөөтэй эргэх холбоог дэлхийн, бүс нутгийн болон улс орны хэмжээнд улам үнэ цэнтэй байлгахын тулд Үндэсний ус цаг уурын алба бүртэй хамтарч ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Ингэснээр оролцоог нэмэгдүүлж, тогтвортой арга замуудыг хурдасгах юм.

Өмнө нь ажиглагдаж байгаагүй байгаль орчны сорилтуудын өмнө бид энгийн нэг ажиглагч биш, тоглоомын гол тоглогч байх ёстой хүмүүс билээ.

Эрдэмтэн судлаач болон эх дэлхийг хамгаалагч өмгөөлөгчийн хувьд бидний энэ үүрэг өмнө нь хэзээ ч ийм чухал байгаагүй.

Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний гарт байна. Бидний өнөөдрийн хичээл зүтгэл ирээдүй, хойч үеийнхэнд илүү аюулгүй, илүү эрүүл дэлхийг, үр хүүхдүүд маань эх байгальтайгаа зохицон амьдрах тэр дэлхийг бий болгох баталгаа болно.

Илүү сайн сайхан, тэсвэртэй маргаашийг цогцлоохын төлөө бид мэдлэг, туршлага, ур чадвараа нэгтгэн ашиглаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугаманд хамтдаа зогсож байна.

Та бүхэнд баярлалаа.

Categories: Мэдээ