Байгаль орчны сайдын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот тушаалаар Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, Багаж хэмжил зүйн төвийг нэгтгэн Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори болгон зохион байгуулсан.

Байгаль орчны шинжилгээний төв лаборатори /БОШТЛ/ нь 1976 онд байгуулагдсанаасаа хойш Монгол орны хэмжээнд байгаль орчны чанарт хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна. Одоо байгаль орчны сүлжээнд орон нутгийн 21 лаборатори, орчны агаарын чанарыг хянах 36 суурин харуул, гадаргын усны чанарын хяналтын 18 нуур, 94 гол мөрний 191 цэг, хаягдал усны 29 цэвэрлэх байгууламжийн 58 цэг, уналын /аэрозолийн цацраг идэвх/ сорьцын 25 цэг, цацраг идэвхийн орчны фонын 36 цэг, хөрсний чанарын хяналтын 390, хүчиллэг тунадасны 2 цэг хамрагдаж байна.

Хэмжил зүйн лаборатори нь 1971 онд байгуулагдсанаасаа хойш цаг уурын шинжилгээний хэмжих хэрэгслийг шалгах, баталгаажуулах, шинэ хэмжих хэрэгслийг төв орон нутагт байрлуулах, тэдгээрийн үзлэг үйлчилгээг хийх, шинжилгээний зарим тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа явуулж ирсэн.

Одоо тус лаборатори нь Монгол орны 130 гаруй цаг уурын станц, 180 орчим цаг уурын харуул, гадаргын ус судлалын 120 гаруй харуулын шинжилгээний ажилд ашиглаж байгаа цаг уурын автомат станц, хэмжих хэрэгсэл болон Иргэний нисэхийн ерөнхий газрын төв, орон нутгийн онгоцны буудлын үйлчилгээнд ашиглаж байгаа цаг уурын автомат станцууд зарим эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн шинжилгээний хэмжих хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохиргоо хийх цаг уурын улсын сүлжээнд ашиглахаар импортоор оруулж ирсэн хэмжих хэрэгсэлд гадаад үзлэг хийн түүвэрлэн шалгаж баталгаажуулж байна.