Усны чанарын хяналт шинжилгээний  хэсэг нь хөтөлбөрийн дагуу 2022 оны 12 сар, 2023 оны 1,2,3,4-р сард Туул голын хяналт-шинжилгээний 5 цэгээс 15 сорьц, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 4 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны 8 цэгээс нийт 24 сорьцыг тус тус авч усны химийн найрлага, бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлж үр дүнг мэдээллийн санд нэгтгэн оруулж, ЦУОШГ-ын архив мэдээллийн сангийн хэлтэс, Үндэсний Статистикийн газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. Энэ хугацаанд хөтөлбөрт бус цэвэр усны 30 сорьц, бохир усны 30 сорьцыг тус тус хүлээн авч химийн найрлага, бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлон шинжилгээний дүнг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөөд байна.

  1. Туул голын усны хяналт шинжилгээ

Туул голын усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар 65-1250 мкСи/см-т хэлбэлзэж, Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны эрдэсжилт дунджаар 73.6 мг/л, хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт эрдэсжилт 316-1107мг/л-т хэлбэлзэж, дунджаар 769 мг/л байлаа.

Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны  хүчилтөрөгчийн горим урсгалын дагуудаа хэвийн, усны чанарын стандарт MNS 4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй байв.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт ууссан хүчилтөрөгчийн агууламж усны чанарын стандарт MNS 4586-98 дахь хүлцэх агууламжаас давж, голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдан шинжилгээний аргын мэдрэх чадвараас бага буюу <0.05мг/л байсан нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн ба, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 12.6- 261 мгО/л буюу ХА-аас 4.2- 87 дахин их, усан

дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 2.14- 22.61 мгN/л-т хэлбэлзэж байсан нь ХА-аас 2.3- 45 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.032- 0.065 мгN/л-т хэлбэлзэж ХА-аас 1.4-3.2 дахин, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.450- 3.533 мгP/л-т хэлбэлзэж, ХА-аас 4.5-35.3 дахин, ПИЧ-ын агууламж 12.6-83.7 мгО/л-т хэлбэлзэж, ХА-аас 1.3-8.4 дахин давсан бохирдол тус тус илэрсэн байна.

2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Хаягдал усны шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-даас гарч байгаа ус 54.8%-97.1%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба ТЦБ дунджаар 65%, НЦБ-95.2%, Био орон сууцны ЦБ-92%, Био үйлдвэрийн ЦБ-59.1% цэвэршүүлж байсан байна. ТЦБ-аас цэвэрлэгдээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодисын агууламж MNS 4943:2015 стандарт дахь ХА-аас дунджаар 5.1 дахин,  БХХ5-ийн агууламж 11.2 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч (ХХХ)-ийн агууламж 9.6 дахин, нийт азотын агууламж 1.4 дахин, эрдэс фосфорын агууламж 2.1 дахин, Нисэхийн ЦБ-аас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодисын агууламж 1.8 дахин, БХХ5-ын агууламж 1.2 дахин, ХХХ-ийн агууламж 1.6 дахин, нийт азотын агууламж 3.1 дахин, эрдэс фосфорын агууламж 3.4 дахин, Био орон сууцны ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны БХХ5-ийн агууламж  2.4 дахин, ХХХ-ийн агууламж 1.3 дахин, нийт азотын агууламж 1.7 дахин, эрдэс фосфорын агууламж 1.9 дахин, Био үйлдвэрийн ЦБ-аас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодисын агууламж 1.3 дахин, БХХ5-ийн агууламж 1.4 дахин, ХХХ-ийн агууламж 1.2 дахин, эрдэс фосфорын агууламж 1.9 дахин давсан бохирдолтой усыг тус тус Туул голд нийлүүлж байсан байна.

Categories: Мэдээ